Хүүхэд хамгааллын чиглэлээр мэргэшсэн редакц, сэтгүүлчдийг бойжууллаа
UNICEF Mongolia-ийн дэмжлэгээр Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв төвийн болон орон нутгийн 10 хэвлэл мэдээллийн байгууллагыг хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын сэдвээр хамтын бүтээл гарган хөндсөн сэдвээ үргэлжлүүлэн судалж, шийдэл санал болгох, улмаар үр нөлөө үзүүлэх хэмжээнд ажиллах загвар бүхий төсөлд хамруулж, тус төслийн хаалт 2023 оны 12.20-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Төслийн хугацаанд 10 редакцын зүгээс Хүүхдийн Эрхийн Хорооны зөвлөмжид тусгасан 7 сэдвийн хүрээнд 17 дэд сэдэв, өнцөг сонгон авч, сэтгүүл зүйн 7 төрлөөр нийт 26 бүтээлийг 68 удаа давтан, өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр 4.8 сая хүнд, цахим орчинд 208,249 хүнд түгээсэн байна.
Хаалтын үеэр редакцуудын төлөөлөл болон сэтгүүлчид, төслийн зохион байгуулагчид хүрэлцэн ирснээс гадна НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хүрэлцэн ирж, хүүхдийн эрхийг хамгаалахад хэвлэл мэдээллийн салбарын үүрэг оролцоо чухал болохыг онцлон тэмдэглэсэн юм.
Хөтөлбөрийн хүрээнд редакцууд Хүүхдийн Эрхийн Хорооны зөвлөмжид туссан “Үндэсний цөөнхийн хүүхдүүд, тэдний аж байдал, тулгамдаж буй асуудал”, “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх”, “Хүүхдийн эрх хамгааллын төсөв, түүний зарцуулалт, ил тод байдал авлига”, “Хүүхэд хамгаалал ба хамтарсан баг”, “Унаач хүүхдийн асуудал”, “Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд – сургуулийн сэтгэл зүйч” зэрэг сэдвүүдийг хөндөн, тухайн асуудлыг зөвхөн Улаанбаатар хотоор хязгаарлалгүйгээр алслагдсан аймаг, сумын түвшинд хүрч ажиллан түгээсэн нь хөтөлбөрийн томоохон үр дүн байлаа.
Тус хөтөлбөрийн хүрээнд редакцуудыг чадавхжуулаад зогсохгүй 43 сэтгүүлчийг сургалтад хамруулж, “Хүүхдийн эрх гэж юу вэ?”, “Хүүхдийн эрхийн асуудлаар хэрхэн сурвалжлах вэ?”, Шийдлийн сэтгүүл зүй, Дата сэтгүүл зүй, Баримт шалгах агуулга зэргийн талаар чадавхжуулан, бүтээлийн уралдаан зохион байгуулсан бөгөөд тус уралдаанд MNB телевизийн сэтгүүлч Г.Бямбалхагва тэргүүн байр, Ховд телевизийн сэтгүүлч Д.Лхагвацэрэн дэд байр, чөлөөт сэтгүүлч Т.Намуунболор гутгаар байр эзэллээ.