Монголын анхны баримт шалгалтын чатботыг нэвтрүүллээ
Meedan болон “Үүр” төв хамтран АI-аар сургасан, эргэлзэж буй мэдээллээ асуун, хариулт авах боломжтой Монголын анхны баримт шалгалтын чатботыг танилцуулж байна. Дэлхийн 46 орны 170 гаруй редакц, баримт шалгах төвтэй хамтран ажилладаг Meedan технологийн компанийн тусламжтай хөгжүүлсэн уг чатботод иргэд эргэлзсэн асуултаа явуулж, баримтаар шалгасан мэдээллийг автоматаар хүлээн авах боломжтой. Ингэхдээ “Үүр” төвийн дэргэдэх Монголын баримт шалгах төвийн баримтаар шалгасан тайлан болон “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний гишүүн байгууллагуудын нийтлэл, нэвтрүүлэг, контентод дурдсан, бодит мэдээллийг нэг дороос авах боломжтой нэгдсэн дата санг бүрдүүлэн ажиллах юм.
Олон улсад жишиг болсон сүлжээний загвараар ажиллаж байна
“Үүр” төвийн үүсгэн байуулагч, тэргүүн Б.Дуламхорлоо хэлэхдээ “”Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээг Монголын баримт шалгах төвийг түшиглэн өнгөрсөн оны сүүлээр байгуулсан. Олон улсын судалгаагаар худал, ташаа мэдээлэл бодит мэдээллээс зургаа дахин илүү хурдан тархдаг гэсэн баримт бий. Худал мэдээлэлтэй тэмцэхэд сүлжээ хэлбэрээр хэд хэдэн байгууллага нэгдэж ажиллах нь илүү үр дүнтэй байдгийг зөвхөн Монголд гэлтгүй Зүүн Өмнөд Азийн орнуудын туршлагаас харж болно. Тодруулбал Филиппин, Индонез улсад манай сүлжээний загвар мөн адил хэрэгждэг. Тус сүлжээнд одоогийн байдлаар хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн 15 байгууллага нэгдсэн. Мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд сүлжээнд нэгдэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Сүлжээнд нэгдсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран цахим орчинд тархаж буй хуурамч мэдээллийн тархцыг бууруулахын зэрэгцээ үнэн, бодит мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр бие биеэ харилцан дэмжих зорилготой. Олон улсын “Meedan” байгууллагаас хөгжүүлсэн “Check” платформын Монгол дахь хувилбар болох “Асуу” чатботыг ашиглан редакцын бодлого, мэдээ, нийтлэлийн агуулгаа тодорхойлоход нь туслах, олон нийтийг төөрөгдүүлж буй мэдээллийг нэгдсэн байдлаар авах, цаашлаад цаг алдалгүй чатботоор дамжуулан хариулт өгөхөөр ажиллана” гэсэн юм. Харин Meedan-ы Ази, Номхон далайн хөтөлбөрийн менежер Снеха Александр “Бид Филиппин улсад “Баримт нэн тэргүүнд” сүлжээний үйл ажиллагааг дэмжихээр ажилласан. Тус улсад ашигласан сүлжээний загварыг хэвлэл мэдээлэл болон иргэний нийгмийн байгууллагууд, хуульчид, судлаачид хамтарсан баг Монголд нэвтрүүлэхээр ажилласныг онцлох хэрэгтэй болов уу. Монгол хэл дээр анх удаа төсөл хэрэгжүүлэн, Монголын баримт шалгах төвтэй хамтран ажиллаж байгаа нь бидний хувьд онцгой үйл хэрэг гэдгийг хэлье. Зөвхөн сонгууль гэлтгүй цаашид ч илүү өргөн цар хүрээгээр хамтран ажиллах байх гэж найдаж байна” гэсэн юм. Meedan нь 2024 оны Skoll Award-аас “Нийгмийн шилдэг инновац” шагналыг хүртсэн дэлхийн шилдэг байгууллага бөгөөд 29 хэлээр чанартай, бодит мэдээллийг түгээхэд технологийн дэмжлэг үзүүлж байгаа байна.
“Асуу” мэдээллийн аяныг зохион байгуулна
Монголын баримт шалгах төвийн ерөнхий эрхлэгч Э.Батцэцэг “Манай байгууллага дөрвөн жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулахдаа эргэлзээтэй 1000 орчим мэдээллийг шалгасан. Энэ хугацаанд иргэдээс шалгуулахыг хүссэн олон мэдээлэл ирсэн. Иргэд ихэвчлэн цаг үеийн үйл явдал, мэдээллийг тодруулахыг хүсдэг. Баримт шалгахад их хугацаа шаардагддаг тул бид шуурхай хариу өгөх боломж хомс байлаа. Харин сүлжээний гишүүн, нийгэмд танигдсан, найдвартай эх сурвалж гэж хүлээн зөвшөөрөгдсөн хэвлэл мэдээллийн байгууллагын нийтлэл, контент нь бидний дата санг өргөжүүлснээр хиймэл оюун ухааны тусламжтайгаар үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй хүргэх боломжийг олгож байна” гэсэн юм. Цахим хэрэглэгчид Монголын баримт шалгах төвийн чат руу эргэлзээтэй мэдээллээ илгээж, бодит зөв мэдээллийг авч байхыг хүслээ. Мөн үүнтэй зэрэгцээд “Асуу” нэртэй мэдээллийн аяныг өрнүүлж, хуурамч мэдээлэл, пропаганда ямар учраас хэрхэн түгдэг шалтгааныг таниулсан агуулгуудыг хүргэх талаар ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд чатботоор дамжуулан уншигчидтайгаа эргэх холбоо үүсгэнэ
Мөн энэ үеэр “Баримт нэн тэргүүнд” сүлжээний гишүүн байгууллагуудын төлөөлөл сэтгэгдлээ илэрхийллээ. “Зууны мэдээ” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал “Манай сонин “Баримт нэн тэргүүнд” сүлжээнд нэгдээд багагүй хугацаа өнгөрч байна. Баримт шалгах арга зүйд суралцан, редакцын үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн. “Асуу” платформд нэгдсэнээр бидний уншигч төвтэй редакц болох зорилгод маань томоохон дэмжлэг болж байгна. Нийтийн эрх ашгийн төлөөх эрэн сурвалжлах бүтээлүүдтэй холбоотой асуултуудад хариулт өгөх, уншигчийн асууж буй сэдвүүдийг нийтлэлдээ тусгах боломж бүрдэж байна” гэсэн юм. Түүнчлэн Gogo.mn cайтын ерөнхий редактор Р.Адъяасүрэн “ Уншигчид сүлжээнд нэгдсэн олон байгууллагын мэдээллийг нэг дороос авах боломжтой болсон нь том давуу тал. Мөн бид уншигчтайгаа эргэх холбоо үүсгэж, санал хүсэлт, эрэлтэд нь тулгуурлан ажиллах боломжтой болно гэж найдаж байна” хэмээн ярилаа. Түүнчлэн цахим хэрэглэгчид эргэлзэж буй мэдээллээ чатботоос асуух нь мэдээллийн хэрэгцээг хангахаас гадна хиймэл оюуныг монгол хэлээр болон англи үсгээр галигласан агуулгыг таньж сургахад чухал ач холбогдолтой юм.