Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд олон улсын JTI итгэлцлийн шалгуурт нэгдэх боломжтой боллоо

Хэвлэл мэдээллийн байгууллагууд олон улсын стандарт нэвтрүүлэх боломжтой  

“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын Ази-Номхон далай хариуцсан захирал Сэдрик Алвиани, Ази-Номхон далайн Нөлөөллийн ажил хариуцсан менежер Александра Белакавска, JTI олон улсын төслийн бүс нутгийн мэргэжилтэн Лянвэй Хуан нар Монгол Улсад хүрэлцэн ирж, Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга, дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үзүүлэх сонгуулийн нөлөө, өөрчлөлт зэрэг олон сэдвийн талаар сэтгүүлчидтэй уулзалт хийж, санал солилцлоо.  

Хил хязгааргүй сурвалжлагчдын санаачилсан Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга (JTI) нь олон улсын ISO стандартад суурилсан бөгөөд Европын Стандартчиллын хорооны ивээл дор хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн холбоо, төрийн бус байгууллага, компаниуд болон олон улсын байгууллагууд  үнэ төлбөргүй, хараат бус, баталгаажуулсан мэдээллийг сурталчлах зорилгоор нэгдсэн байна. Итгэлцлийн шалгуурт нэгдэхийн тулд хэвлэл мэдээллийн байгууллагууд 130 асуулт бүхий асуумжид хариулж, тухайн хариултаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын байгууллагаар үнэлүүлэх бөгөөд аудитын шалгуурыг хангасан байгууллагад хоёр жилийн турш хүчин төгөлдөр ашиглагдах баталгаажуулалтыг олгох юм. Улмаар тухайн баталгаажуулалт бүхий хэвлэл мэдээллийн байгууллагуудын нийтлэл нэвтрүүлэгт Олон улсын сэтгүүл зүйн итгэлцлийн шалгуурыг хангасан гэх тэмдэглэгээ харагдах аж. Тус санаачилгад одоогоор  France TV, France Media Monde, CBC/Radio-Canada, Coloroda Public Radio, Swissinfo зэрэг дэлхийн 85 орны 1000 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэгдсэн байна. 

Итгэлцлийн шалгуур чанар, нэр хүндийг илэрхийлэхээс гадна хайлтын системд давуу тал үүсгэнэ 

Өдгөө дэлхий дахинд хуурамч мэдээллийн хор хөнөөлийг бууруулах, хэт их мэдээллийн урсгал дунд сэтгүүл зүйн чанартай бүтээлийг уншигчдад хүргэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудад итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх асуудал тулгамдаж буй. Харин итгэлцлийн шалгуур нь Хуурамч мэдээллийн эсрэг мэргэжлийн ёс зүйн дүрэмд нэгдсэн бөгөөд тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийг баталгаатай, найдвартай эх сурвалж эсэхийг тодорхойлох жишиг болж буй. Мөн итгэлцлийн шалгуурыг хангасан байгууллагын бүтээлүүд Bing дэх хайлтын илэрцэд түрүүлж харагдах, Дэлхийн зар сурталчилгааны холбоотой хамтран ажиллах, олон улсын байгууллагуудаас санхүүжилт авахад нэр хүндийн баталгаа болох зэрэг олон давуу талтай аж.  

“Үүр” төв Сэтгүүл зүйн итгэлцлийн шалгуурт нэгдэхэд дэмжлэг үзүүлнэ  

Манай улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд ч мөн тус санаачилгад нэгдэх боломжтой бөгөөд Монгол дахь албан ёсны бие төлөөлөгчөөр Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр  төвийн үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо ажиллах юм. Одоогоор манай улсаас Үүр төвийн дэргэдэх Монголын баримт шалгах төв болон хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагууд тус санаачилгад нэгдэхээр зорьж, асуумжийн шатандаа явж байна. Итгэлцлийн шалгуурт нэгдэх, энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу. Хэрэв танд монгол хэл дээрх мэдээлэл зөвлөгөө хэрэгтэй бол dulamkhorloo@nestmongolia.org хаяг руу холбогдоорой. 

Сонгууль улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний индекст нөлөөлж байна  

Тус арга хэмжээний үеэр Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллага жил бүр шинэчлэн гаргадаг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн талаар танилцуулсан бөгөөд Монголын нөхцөл байдал болон тус индексийг тооцох аргачлал, сүүлийн үед гарсан өөрчлөлт зэрэг сэдвийн талаар танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.  

Монгол Улсын Хэвлэлийн эрх чөлөөний индекс энэ оны байдлаар дэлхийн 180 орноос 109 дүгээрт эрэмбэлэгджээ. Тус индексийг гаргахдаа нөхцөл байдлыг цогцоор нь харуулах үүднээс, улс төр, хууль эрх зүй, эдийн засаг, нийгэм соёл, аюулгүй байдал гэсэн таван шалгуур үзүүлэлтээр үнэлсэн бөгөөд нийт 80 асуулт бүхий агуулгын хүрээнд салбарын мэргэжилтнүүдээр үнэлүүлдэг байна. Тэд энэ онд дэлхийн олон оронд сонгууль болж буй нь хэвлэлийн эрх чөлөөний индекст нөлөөлж байгааг онцлон тэмдэглээд сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудал анхаарал татах болсныг хэлсэн юм.  

Previous
Previous

Мета компанитай уулзалт хийж, санал солилцлоо  

Next
Next

Үүр төв төрийн бус байгууллагуудтай нэгдэн "Ид шидийн орон Говь-Алтай" төсөлд хандив өргөлөө